2025.05.05 - 2025.05.09

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Чи чадна гэж бодсон ч бай, эсвэл чадахгүй гэж бодсон ч 

бай — аль нь ч байсан хоёул чиний зөв!"

- Хенри Форд

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,559.84 нэгжид хүрч 0.25 хувийн уналттай хаагдлаа. 

  2. Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 оны эхний 3 сард 991.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс алдагдал 454.7 (84.7%) сая ам.доллароор өсжээ. Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны тэнцэл 336.4 сая ам.долларын ашигтай гарсан боловч, ашиг өмнөх оны мөн үеэс 608.4 (64.4%) сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн байна.

  3. 2025 оны 4-р сарын Монгол улсын инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 8.6 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 4-р сард 5.7 хувь байсан бол 2025 оны 4-р сард 8.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 нэгж хувиар (29.8%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.0 нэгж хувиар (58.1%) тус тус нөлөөлсөн байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. S&P 500 индекс 9 өдөр дараалсан өсөлтөө зогсоож 7 хоногийн эхэн үеийг уналттай эхлүүллээ. Гэсэн хэдий ч Лхагва гарагт АНУ болон БНХАУ-ын бодлого тодорхойлогчид Швейцарт уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсан нь худалдааны дайн өрнөж буй тус хоёр улс тарифын зөрчлийг бууруулах тухай уулзалт зохион байгуулж байна хэмээн зах зээлд эергээр нөлөө үзүүллээ.
  2. Энэ 7 хоногийн хамгийн чухал эдийн засгийн үйл явдал Лхагва гарагт болсон Холбооны Нөөцийн Сангийн Мөнгөний бодлогын хурлын шийдвэр байлаа. Төв банкны бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 4.25–4.50 хувийн инвервалд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Бодлого тодорхойлогчид "Эдийн засгийн төлөв байдал улам бүр тодорхойгүй болж байна. Ажилгүйдэл болон инфляцын эрсдэл нэмэгдсэн" хэмээн анхаарууллаа.
  3. Үйлчилгээний салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI индекс (ISM Services PMI) 4-р  сард 51.6 болж өссөн нь 3-р сарын 50.8-аас ихэссэн үзүүлэлт боллоо. Энэ нь тус салбар 10 дахь сар дараалан тэлж байгааг үзүүлэлт юм.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ болон БНХАУ-ын бодлого тодорхойлогчид Швейцарт уулзалт хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсан нь худалдааны хурцадмал байдал зөөлрөх хүлээлтийг нэмэгдүүлж улмаар Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Ийнхүү Европын хувьцаанууд 4-н 7 хоног дараалан өсөлт үзүүлж байна. Тодруулбал, STOXX 600 индекс 0.29 хувийн өсөлт үзүүллээ.
  2. Английн төв банкны Мөнгөний бодлогын хороо 5:4 харьцаатайгаар бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 4.25 хувь болголоо. Мөнгөний бодлогын саналын харьцаа ойролцоо байсан нь энэ онд дахин 3 дахь удааг хүү буурах магадлалыг буурууллаа.
  3. Шведийн төв банк бодлогын хүүгээ 2.25 хувьд хадгалах шийдвэр гаргасан боловч ирээдүйд мөнгөний бодлого зөөлрөх хандлагатай байж болзошгүйг мэдэгдлээ. Тус банк өмнө нь хүүг тогтвортой байлгана гэсэн байр сууринаасаа ухарч, АНУ-ын шинэ худалдааны бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдал нь инфляцын төсөөллийг сулруулсан тул эрсдэл доошоо чиглэж байна гэж мэдэгдээд байгаа юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.83 хувь, TOPIX индекс 1.70 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. АНУ ба Их Британийн хооронд байгуулсан худалдааны гэрээ болон АНУ болон БНХАУ-ын бодлого тодорхойлогчид Швейцарт худалдааны хэлэлцээр хийхээр уулзалт эхлүүлэх гэж буйгаа мэдээлсэн нь иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт сулрахад голлон нөлөөллөө. Япон улс АНУ-ыг тарифын бодлогоо дахин хянаж үзэхийг уриалж, харилцан тавьсан тарифыг бүрэн цуцлах болон автомашин, ган, хөнгөн цагаанд тавьсан нэмэлт 25 хувийн татварыг арилгахыг хүсэж буйгаа илэрхийллээ.
  3. Япон улсын 3-р сарын хөдөлмөрийн зах зээлийн бодит цалингийн өсөлт (инфляцын нөлөөг хасаж тооцсон)жилийн өмнөх үеэс 2.1 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа. Төв банк инфляцтай зэрэгцэн өсөх цалингийн үнийн "эерэг цикл"-ийг хүлээж буй боловч цалингийн үнийн өсөлтийн тус үзүүлэлт нь эдийн засгийн идэвхжил ба үнийн төлөв доош чиглэсэн төлөвтэй байгааг харууллаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.92 хувь, CSI 300 индекс 2.00 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын зах зээл 5 сарын 5-ны Даваа гарагт Хөдөлмөрийн баярыг тохиолдуулан хаалттай байлаа.
  2. БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногийн эхэнд өссөн нь АНУ, БНХАУ-ын албаны хүмүүс Швейцарт энэ амралтын өдрүүдэд худалдааны хэлэлцээр хийхээр төлөвлөсөнтэй холбоотой байлаа. Мөн Төв банкнаас бодлогын гэнэтийн дэмжлэг үзүүлсэн нь эерэг уур амьсгалыг нэмэгдүүллээ. Лхагва гарагт БНХАУ-ын Ардын банк 7 хоногийн хугацаатай урвуу репо хүүгээ 1.5 хувиас 1.4 хувь болгон бууруулж, мөн заавал байршуулах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар багасгах шийдвэр гаргалаа.
  3. Эдгээр бодлогын шийвдэрүүд нь АНУ-ын Трампын засаг захиргаа БНХАУ хоорондын тарифын эрсдэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй шийдвэр болж байна. БНХАУ-ын 4-р сарын экспорт нь хүлээлтээс өндөр буюу 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь өмнөх сарын 12 хувийн өсөлтөөс доогуур үзүүлэлт боллоо. АНУ руу чиглэсэн экспорт жилийн өмнөхтэй харьцуулахад 21 хувиар унасан нь АНУ 4-р сарын эхээр тариф нэмснээс үүдэлтэй байна. БНХАУ-ын компаниуд АНУ-д чиглэсэн борлуулалтын бууралтыг Энэтхэг, Зүүн өмнөд Ази болон Европын Холбооны орнуудад борлуулалтаа нэмэгдүүлснээр нөхсөн үзүүлэлттэй байна.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

Байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч TML Plastic компаниас Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хүрээнд санал болгосон Ногоон Бондын "ТРАНЧ 1"-ийн купон амжилттай төлөгдлөө.

Эргэн сануулахад энэхүү бонд нь Монгол Улсын дотоодын зах зээлд дээрх "Excellent" үнэлгээ бүхий санхүүгийн бус салбараас гарсан анхны ам.долларын ногоон бонд юм.

Энэ бол энгийн бонд биш НОГООН ИРЭЭДҮЙ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 2025.05.07


Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 51 тоот тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны хуваарийн дагуу 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.


Дэлгэрэнгүй

"ТЖТБ" ХХК-ИЙН ОНООСОН НЭР, ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

 2025.05.07


"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/186 дугаар тушаалын дагуу биржийн Үнэт цаасны бүртгэлд GRB (3050, 3054) кодтой Ногоон бонд гаргагчийн оноосон нэр "ТЖТБ" хязгаарлагдмал хариуцлагатай компани байсныг "Ти Эм Эл Пластик" хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.


Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт /Дилер/


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261